Шударга мэдээ
Эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулна
Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж, улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.
Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.
Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар 9 аймгийн 24 сумын 30 голомтонд бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна.
Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2024/06/03
“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног”-ийг 6-9 дүгээр сарын хооро...
-
Улстөр нийгэм2024/04/30
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
-
Урлаг спорт2020/09/15
Сараагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр!
-
Цаг үе2022/12/21
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгав
