Цаг үе
Илүүдэл жин, таргалалтад эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлдөг
Энэхүү төсөл нь хүүхэд залуусын дунд түгээмэл тохиолдож байгаа хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах эрхзүйн орчинг сайжруулах, түүнчлэн салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахад оролцогч талуудын оролцоог хангах, нэгдсэн ойлголцолд хүрэхэд чиглэсэн юм.
Төслийн удирдагч, багийн гишүүдээс гадна НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, БШУЯ, ХХААЯ, СХЗГ, ЦХХЯ, АШУИС, Нийслэлийн боловсролын газар, Харилцаа холбооны зохицуулах газар, НЭМҮТ, Монголын Хоол-Хүнс тэжээлийн холбоо ТББ-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцсон уг уулзалтыг НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Ж.Баясгалан нээж, төслийн багийнхан дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах эрүүл мэндийн зан үйлийн судалгааны дүнг авч үзвэл өсвөр насны сурагчдын дундах илүүдэл жин, таргалалт 2013 онд 12.1 хувьтай байсан бол 2020 оны байдлаар 18.2 хувь болж нэмэгдсэн байна.
Хүүхэд, залуучуудын дундах илүүдэл жин, таргалалтад илчлэг өндөртэй хоол, ундаа зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлж байгааг олон судалгаагаар баталсан. Мөн хорт зуршлын хэрэглээнээс гадна хөдөлгөөний идэвхгүй байдал, эрүүл бус хооллолт нь хүн амын дундах халдварын бус өвчин нэмэгдэх голлох шалтгаанд болж байгаа бөгөөд сүүлийн үед эрүүл бус хооллолтын шалтгаантай илүүдэл жинтэй, таргалалттай хүүхэд залуусын тоо нэмэгдсээр байна. Иймд хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хянах, хоол хүнсний эрүүл орчин буюу хүрэлцээ, хангамжийг бүрдүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авах зэрэг томоохон өөрчлөлтийг хийх нь хүүхэд залуучуудын илүүдэл жин, таргалалтыг бууруулах, сэргийлэх чухал алхам болно гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа.
Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Цаг үе
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
|
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
|
|
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
|
|
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
|
