Цаг үе
Үерт өртсөн өрхүүдэд 609 хүүхэд, 108 ахмад настан, 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21,27,29 дүгээр хороодод 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр гаргаад байна.
Дүүргийн Онцгой комиссоос Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Баярмөнх, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Ариунтуяа, Хөдөлмөр, халамжийн хэлтсийн Захиргаа,хяналтын тасгийн дарга Ч.Гүндсамбуу нараар ахлуулсан 3 ажлын хэсэг байгуулж 2023 оны 08 дугаар сарын 08-ны 21 цагийн байдлаар 21,27,29 дүгээр хороодын үерт өртсөн өрхийн нөхцөл байдалтай танилцаж ажиллав. Эдгээр өрхөд 1430 иргэн байгаагаас хүүхэд 609, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 27 байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хэлтэс, Улаан загалмайн хороо, хорооны Засаг даргын ажлын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл орж ажилласан бөгөөд үерт автсан айл өрхүүдээс иргэний биеийн байдал болон эд хөрөнгийн нөхцөл, ам бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх зэргийг судалж үерийн дараах нөхцөл байдлын судалгаа хийлээ.
Судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох юм.
Мөн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн тусламжийг шаардлагатай өрхүүдэд хүргүүлээд байна.
Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байрласны 8 нь хүүхэд 2 нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1 байна.
Дээрх 3 хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд 127 дугаар сургуульд байрлах шуурхай штаб дээр 24 цагаар байрлан иргэдэд холбогдох мэдээ мэдээллийг өгч байна гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2024/01/17
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
-
Шударга мэдээ2019/08/29
Есдүгээр сарын 03-ны өдөр бүх нийтээр амарна
-
Улстөр нийгэм2024/09/19
ЗГ: Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар тан...
-
Цаг үе2019/08/15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
