Цаг үе
Үерийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоог нуун дарагдуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдлээ
Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Б.Оюутболд:

-Наймдугаар сарын 5-нд болсон үерийн улмаас иргэдийн гэр орон, машин усанд автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн. Үерийн дуудлага ирсний дагуу НОК, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага голомтын цэгт очиж ажиллалаа. Аврах үйл ажиллагаа явуулахад замын зорчих хэсэг хаагдсан байсан тул нээхэд анхаарч ажилласан. Үертэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад эхний дуудлага наймдугаар сарын 5-ны 20:21 цагт “Монгол гэрт хоёр иргэн тогонд цохиулж нас барсан байдалтай байна” гэж ирсэн юм. Энэ дуудлагад эрүүл мэндийн байгууллага очих нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тухайн хоёр иргэн нас барсан байсан.
Дараагийн дуудлага тухайн өдрийн 22:46 цагт ГССҮТ-өөс “Хоёр иргэн тээврийн хэрэгсэлтэй үерт өртөж, 10 сартай хүүхэд алга болсон, эцэг, эх нь шокийн байдалтай байна” гэж ирсэн. Тээврийн хэрэгслийн үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн орчим тээврийн хэрэгслийг олж, самналт хийн, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон. Бид үерт өртсөн өрх, тээврийн хэрэгслийг хамгаалалтад авч, шалган, самналт хийсэн.
Гурав дахь дуудлага наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед эрэн хайх ажиллагаанд явж байсан алба хаагчдаас “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны нэг хүний цогцос байна” гэж ирсэн. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажиллахад 1979 онд төрсөн иргэн Т болох нь тогтоогдсон. Үерийн улмаас цагдаагийн байгууллагад ирсэн гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Саяхан хэвлэл мэдээллийн байгууллагаар “Иргэн Т-гийн дөрвөн өнчин хүүхэд үлдсэнийг нуун дарагдуулж байна” гэх мэдээлэл гарсан. НОК, дүүргийн онцгой комиссоос холбогдох албан тушаалтнууд хүүхдүүдтэй уулзаж, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар ярилцсан хэмээлээ.
Нас барсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр өрөө орон сууц олгохоор болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхний гэр бүлд байрыг нь олгосон. Үлдсэн хүмүүсийн хувьд бичиг баримттай холбоотойгоор саатсан, тун удахгүй байрыг нь олгох юм.
“Авто замд цууралт үүссэн тул барилгын ажлыг зогсоосон”
Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэн өөрсдийн өмчлөлийн газар болох 1685 ам метр талбайд холимог ашиглалттай үйлчилгээний барилга барихаар зөвшөөрөл хүссэний дагуу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байдаг. Тодруулбал, тухайн газрынхаа 842 ам метр талбай буюу 50 хувьд нь барилгын ажлын зөвшөөрлийн бичиг авсан. Харин долоодугаар сард болсон үерийн үеэр тухайн байршилд барилгын суурь ухсан байдалтай байсан нь аюулгүй байдлыг хангахгүйд хүрэн, холбогдох байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 3-нд тухайн байршлын ойролцоо Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон юм. Мөн одоогоор мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргаж буй. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас наймдугаар сарын 9-нд тухайн иргэдэд сонсох ажиллагааны албан бичгийг хүргүүлсэн. Хариу тайлбар авах хугацаа наймдугаар сарын 21-нд дуусна.
2022-2023 онд нийслэлийн хэмжээнд нийт 1483 иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Одоогоор нийт 372 байршилд 751 барилга байгууламжийн ажил өрнөж буй. Сүүлийн үед үер болсонтой холбоотойгоор барилгын ухсан нүхэнд ус нэвчин, цууралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд иргэд, хуулийн этгээд барилгын ажил гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байж, стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй байна гэлээ.
Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн. Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний 14:00 цагт эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ гэлээ.
Эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг тодорхойлсон
Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон. Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

