Шударга мэдээ
Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус нийгэмлэгийн зүгээс Улаанбаатар хотод сүрьеэ өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэг нь 1953 онд байгуулагдсан, ашгийн бус байгууллага юм. 2014 оноос хойш Улаанбаатар хотод сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сүүлийн дөрвөн жилд КОИКА-гийн дэмжлэгтэйгээр богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж иржээ. Мөн тус байгууллага нь 2020 оноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгтэй сүрьеэгийн илрүүлгийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтлыг эрт илрүүлэгт хамруулах, өвчилсөн тохиолдлыг эмчилж эдгэрүүлэх, хянах зэрэг ажлыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн богино хугацааны төслүүд хэрэгжүүлж байсан тул энэ удаад урт хугацаанд хэрэгжих боломжтой төсөл боловсруулсан гэдгийг БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг онцлов. Мөн тэд төслөө Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвд танилцуулжээ. Төслийн хүрээнд тус нийгэмлэг нь Улаанбаатар хотод
- Сүрьеэгийн эмчилгээ, тусламж, үйлчилгээгээр дагнасан эрүүл мэндийн байгууллага байгуулах,
- Эрүүл мэндийн байгууллагуудад рентгений алсын зайны болон хиймэл оюун ухааны оношилгооны үйлчилгээ үзүүлэх,
- Сүрьеэгийн нян судлалын шинжилгээний үйлчилгээ үзүүлэх,
- Алслагдсан газруудад явуулын эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай уг төслийг нийслэлийн зүгээс дэмжин ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хэлж, талархал илэрхийллээ. Төслийн цаашдын төлөвлөлт, үйл ажиллагаанд НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2022/06/08
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо...
-
Улстөр нийгэм2024/08/05
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало албан ёсны айлчл...
-
Цаг үе2024/10/03
“Эрдэнэс Тавантолгой” ХК 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая то...
-
Шударга мэдээ2022/02/17
Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулн...
