Шударга мэдээ
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэлээ.
Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

