Шударга мэдээ
“Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум аравдугаар сарын 13, 14, 15-нд болно
Форумын үеэр:
- орон нутагт бизнес эрхэлэхэд ямар нэгэн давуу тал байгаа юу,
- Хөдөө ажлын байр шинээр бий болгох боломж байна уу гэсэн анхаарал татсан багц сэдэв хөндөгдөж төр, хувийн хэвшил өөр өөрсдийн боломжоо олон нийтэд танилцуулна.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн 6 бодлого”-оо танилцуулсан. Энэхүү бодлогын дагуу засгийн газрын үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү шинэ сэргэлтийн 6 бодлого дотор “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого багтаж байгаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбар нь өргөн хүрээнд, эрчимтэй хөгжиж байгаа улс гэдэг утгаар энэ салбарын бодлого хөндөгдсөн “Хөдөөгийн сэргэлт” бодлогын асуудал олны анхаарлыг татсаар байна. Энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд “Нээлттэй Төв аймаг” форум Зуунмод суманд зохион байгуулагдах юм. Тус аймгийн 27 сумын жижиг дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, сум орон нутгийн удирдлага, төрийн байгууллага гээд бүх шатны хүмүүс оролцоно. Орон нутагт шилжин суурьших нэг том шалтгаан нь ажлын байрны асуудал байдаг. Тэгвэл Төв аймаг ажлын байр нэмэгдүүлэх томоохон бодлого барин ажиллаж байна.
Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар: Форумын үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум – Нутгаа зорьё” сэдэвт 27 сумын өдөрлөг, “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” тус тус зохион байгуулагдана.
Төв аймгийн Зуунмод сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл: Төв аймаг нь 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүнсээр, Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг төдийгүй хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг юм. Иймээс тус аймаг нь Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьж байна.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2021/01/25
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...
-
Үзэл бодол2020/02/14
100 саяын хахууль авсан хэрэгт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг...
-
Цаг үе2025/06/19
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2022/01/06
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
