Цаг үе
Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй
Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тохиолдуулан СЭМҮТ-өөс “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” уриатай олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 13-14-нд Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Хуралд ЭМЯ, ДЭМБ, СЭМҮТ, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтнүүдээс гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэдэд хэрхэн зөв оновчтой хүргэх болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.
Олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цахимаар мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй юм. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээний ажил, нотолгоонд тулгуурласан сэтгэц нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг улам эрчимжүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэн шинэ оношилгоо, эмчилгээний арга зүйг нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээн онцолсон.
Хурлын үндсэн илтгэлийг “Эрт илрүүлэг ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа, “Монгол Улсад амиа хорлох, төрх үйл судлагдаж буй өнөөгийн байдал” сэдвээр тус төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн нар тавилаа.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн профессор Норман Сарториус, Австри улсын Вена хотын АУИС-ийн профессор Йоханнес Ванчата, БНСУ-ын Чунчоннам-догийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн профессор Lee Sang Eun нар “Жирэмсэн ба төрсний дараах үеийн сэтгэцийн эмгэг”, “Япон дахь шизофрени өвчний үеийн психофармакологийн дэвшил” сэдвээр илтгэл тавьж, сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг эмнэлгээс олон нийтэд суурилсан системд шилжүүлэх Баруун Европын туршлагын талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
Хурлын үеэр эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүний эрхийн байгууллагууд иргэдэд сэтгэл заслын зөвлөгөө өгч, салбарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.
Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаар анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хамгийн сүүлд 2013 онд хийгдэж байсан. Тус судалгааг гүйцэтгэхдээ Монгол орны 11 аймаг, нийслэлийн тодорхой дүүргийн хүн амыг хамруулсан байдаг.
Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн иргэдийн дунд маш олон асуудал тулгамддаг. Бид бүхний сонссон, уншсан, харсан сөрөг мэдээлэл ямар хэмжээнд байна төдий чинээ стресст автаж тайван бус болдог. Нийт хүн амын 70 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа бол 25 орчим хувь нь тулгамдсан асуудалтай. Иймд сэтгэлээ тайван байлгах, ажлаа сайтар төлөвлөх, өөрт онц ач холбогдолгүй сөрөг мэдээллээс зайлсхийхийг сэтгэцийн эмч нар зөвлөдөг” гэлээ.
“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” уриатай тус эрдэм шинжилгээний хуралд гадаадын сэтгэл зүйч эрдэмтэд оролцож байгаа нь манай эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг туршлагаа сайжруулах, хамтран ажиллах боломж нээгдэж байна хэмээн онцолж байлаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн мэргэжилтнүүдээс шилдгүүдээ шалгаруулсан ба судалгааны ажил аман илтгэлийн төрөлд АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандорж “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамрагдагсдын эрхийг хамгаалах асуудалд” сэдвээр тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Нийслэлийн Аддиктологи, зан үйл, сэтгэл заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор “ “Тимузол” 500мг эмийн архины харшил өдөөх эмчилгээний эмнэлзүйн судалгааны зарим үр дүнгээс”, гуртгаар байрыг Баянзүрх дүүргийн сэтгэцийн их эмч П.Болортуяа “COVID-19 цар тахлын дараах хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй Баянзүрх дүүргийн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх нь” сэдвээр тус тус шалгарлаа.
Мөн судалгааны ажил ханан илтгэлийн төрлөөр тэргүүн байрыг СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэгийн “Гарын алганы трирадиусын “ATD”, “TDA”, “DAT” өнцгийг шизофрени эмгэгтэй хүмүүст судалсан нь”,
дэд байр АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн резидент эмч Г.Уранчимэг “Эпилепситэй эмчлүүлэгчдийн өвчин, эмчилгээний талаарх асран хамгаалагч нарын ойлголт”, гутгаар байр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш С.Дэлгэрмаа “Улаанбаатар хот дахь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даасан байдал, асран хамгаалагчийн ачааллын хамаарлын судалгаа” сэдвээр шалгарсан байна.
Олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр сургалт, нөлөөлийн ажил зохион байгуулснаар сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, мэдлэг олгож, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой ба хурлын үр дүнгээс мэргэжилтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар зөвлөмж гаргах юм.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Шударга мэдээ2020/09/24
Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 189,5 мянга орчим айл өрх хамрагдана
-
Үзэл бодол2024/10/18
У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэг...
-
Цаг үе2023/11/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/05/03
Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье
