Цаг үе
Их сургуулийн анги танхимд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгааныг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлжээ
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн С.Э нь тус дүүргийн 13 дугаар хороон нутаг дэвсгэрт нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэсэн, байгаль экологи, амьтны аймагт 26 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хянан шалгах улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Нийслэлийн Байгаль орчны газарт;
Өвөрхангай аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар тус аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Арвайхээр ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Усан спорт, сургалтын төв зэрэг газруудад тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Цаг үе
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа.

Энэ үеэр УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд үргэлжилж байна. Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 250 орчим мянган мод тарьсан. Хавар, намрын мод тарих арга хэмжээгээр 1.3-1.4 сая мод тарих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Самбалхүндэвийн оршуулгын газар нийт 71 га талбайтай. Үүнээс 10 га талбайг чөлөөлж, 2 га талбайд тохижилт хийсэн. Цаашид нийт талбайг чөлөөлөх, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга “Чингэлтэй дүүрэг намрын мод тарих арга хэмжээнд нэгдэж, гурван байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, төр, нийгмийн байгууллагуудтай хамтран мод тарих арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна” гэв.
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 18 нэр төрлийн 5510 бут, мод, сөөг тарьж, 10 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт хийжээ. Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар намрын мод тарих арга хэмжээнд бүх нийтээрээ оролцохыг уриаллаа.








Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
-
Шударга мэдээ2021/02/01
Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ
-
Цаг үе2026/06/24
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц...
-
Цаг үе2022/01/05
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2022/02/21
“Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо
