Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Эдгээрээс 3 нь цахим нотлох баримтыг үнэлэх, техник технологийн дэвшлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэвтрүүлэх замаар иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэх боломж нэмэгдүүлэх буюу шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэж байжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хөдөлгөөний менежментийн шинэ зарчмыг суулгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн төрөл, онцлогоос шалтгаалан удирдлагын ялгаатай зарчим үйлчилж байгаа аж. Тухайлбал, сүүлийн үеийн олон улсын байгууллагын болон холбогдох эрдэмтдийн судалгаа үзэхэд, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй нэг төрөл нь бага үнийн дүн бүхий иргэний хэргийг удирдах ажиллагаа байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, тэр хэрээр хэргийн оролцогчийн эрх зөрчигдөн шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд бодит байдал дээр хохиролтой болж төгсдөг олон жишээ дурдах боломжтой.

Иймд харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага  үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн онцлогт тохирсон нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, энгийн болгосон, давж заалдах, хяналтын журмаар хандах хугацааг богиносгох замаар шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тусгайлсан төрлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлүүлэхээр хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болгохоор төслийг боловсруулжээ. Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт хугацаагаар шүүхээр маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгахын зэрэгцээ нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэх юм байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдпын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж, Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.

Сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж байгаа гэх дүгнэлт гарсан бөгөөд Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна хэмээн дүгнэхэд хүрсэн аж.

Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулах, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах,  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохоор холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.

Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасахаах хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилнэ.Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна хэмээн төслийг өргөн мэдүүлэх үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох