Улстөр нийгэм
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Эхлээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 162 дугаар захирамжаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.
Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, төслийн тухайн зүйлтэй холбогдуулан гишүүн, бусад Байнгын хороо, ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулсан байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс уул Уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад уул уурхайн бүтээгдэхүуний биржээр заавал арилжаалахгүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах газрын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар гаргасан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “төсвийг ил тод хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх” гэсэн дэд заалт нэмэх, мөн орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн 60 хувийг орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100 м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанканд даалгахаар өөрчлөн найруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх асуудал тусгагдаагүй байгааг тодруулж, хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар Т.Доржханд гишүүн тодруулав. Төв банкны онилсон инфляцын зорилтод төсөв, мөнгөний бодлогыг нийцүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд ипотекийн хөтөлбөрт Монголбанк зөвхөн операторын үүрэг гүйцэтгэж оролцоно гэдгийг Сангийн сайд тайлбарлав. 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн ипотекийн зээлийн хөтөлбөр нь өдгөө 4 гаруй их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон бөгөөд зээлдэгчдийн сар бүрийн төлөлтөөс 30-40 тэрбум төгрөг төвлөрдөг байна. Үүнийгээ буцаагаад зээл болгон гаргахад жилдээ 400-500 тэрбум төгрөгийн эргэлт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэдгийг тайлбарыг өгсөн. Харин эл хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах бэлтгэл хангаж байгаа, иймд шилжүүлэн авах хүртэл Монголбанк тус хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар төсвийн төслийн хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсны учир шалтгааныг тодрууллаа. Монгол Улсад газрын бүртгэлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн бүртгэл/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /өмчлөх эрхийн бүртгэл/, Ашигт малтмал, газрын тосны газар /уул уурхайн газар/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тусгай хамгаалалттай газар/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /тариалан, бэлчээр/ зэрэг байгууллагууд зэрэгцэн эрхэлж байгаа нь чиг үүргийн давхардал болон зохиомол шат дамжлагыг бий болгохын зэрэгцээ “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх” гэсэн Газрын тухай хуульд заасан зарчмыг алдагдуулж байна хэмээн төсөл санаачлагч үзжээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, газар олгох, бүртгэх, төлөвлөх эрх бүхий яам, агентлагууд, Засаг дарга нартай харилцан уялдаатай, хяналт тавьж ажиллах боломж нөхцөлөөр хангаж, газрын асуудлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж цэгцлэх шаардлага үүссэн. Холбогдох шийдвэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосонтой холбогдуулан, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсөв нь шилжиж байгаа учир төслүүдийг ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн гэдэг тайлбарыг Сангийн сайд өгсөн. боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотойгоор Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар тодруулж, Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хариулт авав. Түүнчлэн НӨАТ-ын буцаалтыг хил, гааль дээр хэрхэн олгодог талаар тэрбээр тодруулахад “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэд, жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг хил, гааль дээр буцаан олгож эхэлнэ” хэмээн Б.Жавхлан сайд хариулсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь, Н.Наранбаатар нар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан бол Ж.Чинбүрэн гишүүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодруулж, “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдийг гадаадад эмчлүүлээд ирэхэд нь стратегийн худалдан авалтаар зохицуулах буюу төсөв нэмэхгүйгээр зохицуулах боломжийг тусгах санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ипокекийн зээлийн 60 хувийг орон нутагт олгохтой холбоотой зохицуулалтын үндэслэлийг холбогдох сайд, ажлын хэсгээс хариулт авсан.
Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтаар эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2020/03/27
Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд
-
Цаг үе2023/11/01
Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна
-
Улстөр нийгэм2021/01/12
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Үзэл бодол2022/01/04
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамга...
