Шударга мэдээ
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгов
Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эодэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв.

Тэрбээр, Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм.
Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.
Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм.

“Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино.
Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм.
Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ. Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2019/09/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2025/09/30
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
-
Цаг үе2021/06/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2021/08/04
Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даал...
