Цаг үе
Албан тушаалтнууд үндсэн ажлаас гадуур цалин авч байжээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгалаа.
Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллаж эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдов.
Шалгалтын эхний ээлжинд дараах зөрчил илрээд байна. Үүнд:
- Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадуур 960 мянган төгрөгийн урамшуулал хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
- Албан тушаалтан С нь үндсэн ажлын хажуугаар хуулийн этгээдийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлж байжээ.
- Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан тушаалтан Б-д 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байсан.
- Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадна хувийн компаниас 9.4 сая төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
- Албан тушаалтан М нь аж ахуйн нэгж болон төрийн өмчит үйлдвэрийн газраас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлсэн байна.
Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар харъяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүллээ.
Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхлэх, Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр давхар ажил эрхэлж болно. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулж өгсөн.
Ийм атал төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид байгууллагын хэмжээнд үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх, цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт болон санхүү бүртгэл хяналтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр АТГ-аас албан бичиг хүргүүллээ.
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийг хянан шалгах ажлаа үргэлжлүүлж байна.Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Үзэл бодол2019/05/30
Д.ДАВААСҮРЭН: МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ “ТАТВАРЫН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛ...
-
Цаг үе2025/07/04
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
-
Цаг үе2022/10/25
Яагаад явган алхах хэрэгтэй вэ
-
Улстөр нийгэм2020/09/30
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна
