Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард хоёр үе шаттайгаар явуулна

Огноо:

,

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулсан. Тус хянан шалгах түр хороо өнөөдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай”, “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолуудыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дараах дөрвөн асуудлын хүрээнд болно. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцана хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэв. 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжлэх юм байна.   

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Энхбаяр дарга тус Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг танилцуулав. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдсон юм. Тухайн үед 5 хянан шалгагч ажиллаж байсан бөгөөд Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр гишүүн даргалах болсноос хойш 3 хянан шалгагч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш нэмж 15 хянан шалгах шинжээчийг томилсон бөгөөд нэг сар гаруй хугацаанд 17 хянан шалгах шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 3 шалгалтын удирдамжийг баталж, газар дээр хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.  

Хяналт шалгалт хийгдэж буй нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулснаас хойших үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл; “Тавантолгой” ХК дээр байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч шинжлэн судалж байгаа юм байна. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга гаруй бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын датаг шинжлэн судалж байгаа аж. Гашуун сухайт дахь Гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг; “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг (20.0 мянган хуудас бүхий) хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа болохыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Нотлох баримтыг шинжлэх судлах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалтай нэгбүрчлэн танилцаж байгаа аж. Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээд дээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217.629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээг мөн хийж байгаа юм байна.

Дээрх цар хүрээнд хийж буй хяналт шалгалтын явцад үүсэж байгаа хүндрэлийн талаар Б.Энхбаяр дарга танилцуулав. Нэн тэргүүнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Хандогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалуудыг ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, Автотээврийн үндэсний төв олон улсын тээврийн “C” зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг баримт, мэдээллийг Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороонд ирүүлээгүй, энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тэрбээр тэмдэглэв. Гуравдугаарт, хяналт шалгагч, шинжээч нар нотлох баримт бүрдүүлэх, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авах, тэмдэглэл үйлдэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-д таван өдөр томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа хүлээлцээгүй, холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт материалыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй байгаа зэргээс үүдсэн хүндрэл үүсээд байгаа аж. Түүнчлэн хяналт хийх явцад тодорхой тооны гэрээнүүд олдохгүй байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авах ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Нийт 2011-2023 оны байдлаар 108 сая тн нүүрсний борлуулалтын 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг дараах үзүүлэлтээр харьцуулан судалж байгаа гэлээ. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний үнэ, гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцоолсон аргачлал гэсэн хүрээнд 400 мянган хуудас бүхий мэдээллийг гаалийн программаас татаж авч тулгалт хийж байгаа гэлээ. Дээрх хэмжээний нотлох баримт, материал, цар хүрээнд хяналт шалгалтын ажил үргэлжилсээр байгааг Б.Энхбаяр дарга онцолсон.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатанд нийтдээ 175 иргэнийг гэрчээр дуудахаар тогтсон болохыг тэрбээр мэдээлээд “Одоогоор энэ жагсаалтыг гаргасан. Гэхдээ хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болох хүртэл гэрчийн жагсаалтад нэрс нэмэгдэх боломжтой. Тиймээс холбогдох тогтоолоор Хянан шалгах түр хорооны даргад гэрчийг дуудах эрхийг олгосон” гэдэг мэдээллийг өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг танилцууллаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд хэлэв. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаж буй нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн агуулгаар хандаж болохгүй гэдгийг онцоллоо. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг болохыг тайлбарласан.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Г.Ганболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох