Шударга мэдээ
Хороо хуваах болон журам шинэчлэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэх товтой байв.
Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах болон Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан юм. Ингэснээр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хасаж, долоо хоногийн дараа нийслэлийн ИТХ-ын XXY хуралдааныг үргэлжлүүлэх боллоо.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид тодруулга авч, санал хэлсэн юм. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн 2019 оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг батлуулж, сайжруулсан түлшийг нөөцлөх, түгээх бэлтгэл ажлыг хангах, зорилтот бүлгийн айл өрхөд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, төрийн өмчийн хоёроос доошгүй барилгын дулааныг байгаль орчинд ээлтэй технологит шилжүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсийн эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд 1000 тн-оос дээш багтаамжтай таван агуулах барьж эхэлжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний чанарыг алдагдуулахгүй хадгалж, борлуулах цэгүүдийг ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд түлш борлуулах 10 цэгийг ашиглалтад оруулсан бол маргааш 16-аар нэмж, цаашид үе шаттайгаар Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 58, Сүхбаатарт 18, Чингэлтэй дүүрэгт 15 цэг нээх юм. Үүний зэрэгцээгээр түлш худалдаалдаг 533 цэгийг түшиглэн борлуулалтыг хийхээр “Таван толгой түлш” ХХК-тай хамтран ажиллаж байна гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид зарим зүйлсийг тодруулсан юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний эцсийн үнэ ямар байх, дамлаж худалдахаас хэрхэн сэргийлж, хүртээмжтэй байдлыг яаж бий болгохыг лавласан. Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын хэлж буйгаар түгээлтийн зардал, урамшууллыг аль байгууллага хариуцахыг удахгүй тодорхой болгох гэнэ. Мөн дамлаж зарахаас сэргийлж, хяналт тавих бөгөөд цаашид картаар түгээх ажил санаачилж байгаа аж. Төлөөлөгчид иргэдэд мэдээллээ тухай бүрт хүргэж, сургалчилгааны ажлаа сайжруулахыг холбогдох хүмүүст зөвлөсөн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга мэдээллийг сонсоод “Түгээлт, борлуулалт, чанарыг холбогдох албаныхан бүгд ярьж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн түлшний үйлдвэрлэл, хадгалалтад онцгой анхаарай. Хадгалах горим алдагдсанаас түлшний чанар муудаж, муу бүтээгдэхүүн иргэдийн гарт очих ёсгүй” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
