Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Монголын түүх-Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Огноо:

,

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан  шилдэг 9 сурагч шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.

  • Тэргүүн байранд

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа

  • Дэд байранд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,

  • Тусгай байранд

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт

Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад батламж гардуулж, баяр хүргэн:

“Эх түүхээ гүнзгий танин мэдэж, эх оронч хүмүүжлээр өсөж байгаа эрхэм хүүхэд багачууд Та нартаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсынхаа хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын түүх-Монгол бахархал” сэдвээр зохиогдсон эсээ бичлэгийн уралдаанд шалгарч, энэ түүхэн бахархлын өдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, Есөн хөлт Их цагаан тугныхаа өмнө шагналаа гардаж байгаад та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 29 мянга гаруй сурагч хамрагдаж, хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нэн баяртай байна. Улс үндэстнийхээ туулж өнгөрүүлсэн түүхийн ололтыг бататгаж, алдааг цэгнэж явах нь одоо цаг, амьдран байгаа үеийнхээ мөн чанар, үнэ цэнийг мэдэх, ирээдүйн төлөвөө багцаалахад тун чухал юм. Ирээдүй хойч үе маань эх хэл, үндэсний бичиг, түүх соёлдоо шимтэн дурлаж байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, оршихуй нь бат бэх байна гэсэн үг.

Би уралдаанд шалгарсан 9 хүүхдийн бүтээлийг уншиж танилцаад ирээдүй хойч үеэрээ туйлын их бахарлаа. Монголын  их-эх түүх бидэнд эв нэгдэл, санаа зорилго нэгтэй байхын, эцэг өвгөдийн үлдээсэн баялаг түүхийнхээ эзэн байхын, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал өнөөгийн бидний эрин үеийн гол агуулга мөн болохын, хагарч бутрахгүй эвлэж нэгдэж явахын чухал сургамж үлдээснийг хүүхдүүд өөр өөрийн өнцгөөс илэрхийлэн бичсэн байна.

Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.

Багш нартаа мөн баярлалаа.

Та бүхний цаашдын амьдралын замналд чинь аугаа их, эх түүх тань цаг ямагт түшиж тулж, омогшуулж ухааруулж явах болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе11 цаг 8 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ13 цаг 32 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе13 цаг 35 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм15 цаг 45 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм15 цаг 49 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе15 цаг 53 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе15 цаг 55 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе15 цаг 59 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох