Шударга мэдээ
Хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 24 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.3 хувьтай байв. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 33 журам, дүрмийн төслийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид 16 тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаас батлагдсан хоёр, санал авч байгаа ес, боловсруулж байгаа таван төсөл байгаа юм. Шинэ бүтээн байгуулалт хийхдээ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ажлаа уялдуулан хэрэгжүүлж, автобус баазуудыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд “Тэнүүн огоо” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах эсэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, орон нутгийн өмчид хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлээс мал, эзэнгүй нохой, муур гаргах ажлыг шуурхай зохион байгуулах захирамжийг гаргах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”-ын төсөлд холбогдох 16 байгууллагаас санал аван, төвийн зургаан дүүрэг, ulaanbaatar.mn, ubservice.ub.gov.mn сайтаар дамжуулан нийтэд таниулж, сонсох ажиллагааг 30 хоногийн хугацаанд зохион байгуулж, уг саналуудыг тусган боловсруулжээ. Мөн эзэнгүй нохой, муур түр асран хадгалах байрны талаарх захирамжийн төсөлд санал авч, түр асран хадгалах байрыг бэлтгэж байгаа юм.

Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
