Шударга мэдээ
Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.
Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон.
Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, халах арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна гэж байлаа.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2025/10/07
Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ
-
Цаг үе2025/09/18
Дархан-Уул аймаг үр тариагаа хурааж эхэлжээ
-
Улстөр нийгэм2020/03/31
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцл...
-
Шударга мэдээ2022/09/15
ЗГ: Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
