Цаг үе
“Шар усны үерийн хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгууллаа
УОК-ын Шуурхай штабаас аймаг, сумын хэмжээнд шар усны үерийн үед авах хариу арга хэмжээг шуурхай, харилцан ажиллагааны хүрээнд зохион байгуулах, үүссэн цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, штабын жигдрэлт, удирдах бүрэлдэхүүний болон томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Шар усны үерийн хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг Төв аймагт зохион байгууллаа.

Дадлага сургууль астрономийн 8 цаг, оперативын 72 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шатанд шар усны үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт хийсэн юм.

Танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах хүрээнд өгөдсөн цагийн байдлын дагуу аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штабын бүрэлдэхүүн штабын дадлага хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Энэ хүрээнд “Нэг үндэстэн – Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.
”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.
Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.



Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.
2026 оны зургаадугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 09-нөөс
2026 оны зургаадугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Цаг үе
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Цаг үе2024/02/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
-
Улстөр нийгэм2023/05/08
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ...
-
Улстөр нийгэм2025/03/19
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Цаг үе2023/06/07
Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа
