Шударга мэдээ
Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажил эхэллээ
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өнөөдөр өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.

Эдгээр таван Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй юм. Шаардлагатай тохиолдолд хууль, журам, стандарт зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна. Ийнхүү Улаанбаатар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлж, иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2020/06/08
“Ковид-19” цар тахлын үед арилжааны банкуудад хэрэгжүүлэх зарим үйл ...
-
Урлаг спорт2022/02/25
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
-
Улстөр нийгэм2021/05/17
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2023/01/03
Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна
