Цаг үе
Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!
2024 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-аар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл саналаа өгөх боломжтой. Та “ОНХС” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна Е-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа мөн өгөх боломжтой.

“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (https://onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, нийслэл, сум дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, болон ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын дата, мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой болж байна.
2024 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэн та өөрийн амьдарч буй дүүрэг, хороогоо ая тухтай, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгахыг хүсдэг бол яг одоо саналаа өгөөрэй.

Ташрамд, 2023 онд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны нийт саналын эрхтэй 18-аас дээш насны иргэдийн 42.2 хувийн оролцоотой байсан бөгөөд 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг иргэдийн санал дээр үндэслэн баталсан. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 16.2 тэрбум төгрөг төлөвлөж, ажлууд эхэлсэн. Салбараар ангилан үзвэл авто зам, замын байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, техник, тоног төхөөрөмж, тохижилтын ажил гэх мэт нийт 66 төсөл хөтөлбөр батлагдсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


