Улстөр нийгэм
Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ.
Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэллээ.

Уламжлалт сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа М.Ганбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, БНХАУ-ын талаас Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн штабын орлогч дарга хошууч генерал Ван Зы Цян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юихай нарын албаныхан оролцов.
Нээлтийг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэрийн илтгэлээр эхлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, сургуулийн БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зы Цян нар сургуульд оролцогч цэргийн алба хаагчидтай мэндчилсэн ба үргэлжлүүлэн хоёр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг тодотголоо. Мөн тэрээр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хатуу ширүүн цаг үеүдэд харилцан нэгэндээ тусалж, тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр туулсныг илтгэлдээ дурдаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг хамтарсан хээрийн сургуулиар батжин бэхжүүлж байгааг цохон тэмдэглэв. Илтгэлийнхээ төгсгөлд сургуулийг зохион байгуулахад бүх талын тусламж үзүүлсэн хоёр орны Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага, говь хээрийн нөхцөлд хамтарсан сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлж байгаа Дорноговь аймгийн удирдлагад талархал дэвшүүллээ.
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн штабын орлогч дарга хошууч генерал Ван Зы Цян элгэмсэг дотноор угтан авсан Монголын дайчин нөхдөдөө талархаж байна гээд хоёр орны хамтарсан уламжлалт сургууль БНХАУ, Монгол Улс, хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд явагдах гэж байгааг онцоллоо. Мөнхийн хөрш хоёр орны нөхөрлөлийн гэрч болох “Талын түнш-2024” хээрийн сургууль нь олон талын ач холбогдолтойг дурдахын зэрэгцээ цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг илэрхийлээд сургуульд оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүслээ.
Нээлтийн арга хэмжээтэй залгуулан хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэж, өнөөдөр сургуулийн газар районд төгөл болгон байгууллаа гэж "Талын түнш-2024" хээрийн сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс мэдээлэл ирүүллээ хэмээн ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
