Шударга мэдээ
Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан.
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт (Хараагүйчүүдийн байрны урд зам);
- Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл;
- Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл;
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт;
- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх;
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл;
- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийж байна.
“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, Дарь-Эх орчмын шугам сүлжээний угсралтыг хийхэд газар доор нь холбооны шугам, цахилгааны кабель, дулаан, бохир, цэвэр усны хоолой зэрэг бүх л төрлийн шугам сүлжээ бий. Үүнийг гараар ухаж гаргах нарийн түвшний ажил хийж буй учир учир цаг их орж байгаа юм. Мөн хуучин шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор бүрэн шинэчлэн хоолойны доор 80-90 см-ийн лаг тунгаах хэсэг хийж өгсөн. Ингэснээр тухайн хэсгийн ус тогтох асуудал бүрэн шийдэгдэж буй юм” хэмээлээ.
Ташрамд, үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Ган хоолойг бодвол хуванцар, төмөр бетон хоолой нь зэвэрдэггүй, насжилт өндөртэй буюу 50-аас дээш жилийн насжилттай байдгаараа онцлогтой аж. Мөн шинэчлэлийн хүрээнд лаг тунгаах хэсэг хийж буй нь цэвэрлэгээ, арчилгааг хөнгөвчилж буй. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
