Шударга мэдээ
Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон билээ.
Энэхүү шийдвэр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон.
Тэгвэл дээрх шийдвэрийн хэрэгжилт нь хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний ээлжид 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарав) хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн. Ингэхдээ, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцтэй нийт 127,761 иргэн, ААН-ын мэдээллийг тохируулгад хамруулав.
Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дахь шатанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өр, төлбөрөө бүрэн барагдуулж хаасан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийв. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн энэхүү нэгдсэн тохируулгад нийт 27,554 иргэн, ААН-ийн хугацаа хэтэрсэн ангилалтай, үйлдэгдэлгүй төлбөрийн үүргүүд хамрагдаж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй боллоо.
Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагдлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2019/10/25
Бүтээгч хариуцлагатай 16 настнууд 'ИРГЭНИЙ АНДГАЙ' өргөнө
-
Шударга мэдээ2022/02/14
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгалаа
-
Цаг үе2025/12/17
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
-
Цаг үе2023/08/09
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна
