Шударга мэдээ
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ.
Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.
Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2020/04/21
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна
-
Шударга мэдээ2021/02/23
Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ
-
Улстөр нийгэм2026/04/08
Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11 удаагийн шар өвсний түймэр бүртгэгд...
-
Улстөр нийгэм2021/04/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуули...
