Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

Огноо:

,

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байрт шалгарсан байна. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.

2024 оны 07 дугаар сард Английн Баат хотноо болсон Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад математикч хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Д.Энэрэлт– Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Т.Билгүүнгэрэлт– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн О.Тэнгис– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Манлай– Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Х.Нурсолтан– Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Байгаль-Эх” сургуулийн Г.Ирээдүй-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Мишээл-Хүрэл медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Олон улсын химийн 56 дугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн Б.Номин-Ундрах-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн А.Амартүвшин-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Б.Эрмүүнболд-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн М.Одгэрэл-Хүрэл медаль,
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Г.Азжаргал-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Атархүү-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Батбаяр-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М.Мөнх-Оргил-Хүрэл медаль,
  • Орхон аймгийн ерөнхий боловсролын “ЯШУТ” сургуулийн Э.Ичинбат-Хүрэл медаль,
Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болсон Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадаас:  
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest education” сургуулийн Х.Онолт-Хүрэл медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Болгар Улсад болсон Хиймэл оюуны олон улсын анхдугаар олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Т.Энгүүн– Мөнгөн медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Мөнгөн медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Хиймэл оюуны олон улсын олимпиадаас:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Алтан медаль,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Хүрэл медаль хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод улам их амжилт хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэн, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох