Шударга мэдээ
ЗГ: Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно
Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд суурилуулсан хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах, шинээр суурилуулахаар төлөвлөсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.
Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69670 камер, орон нутагт 5788 аж ахуйн нэгж байгууллагын 52480 камер, улсын хэмжээнд нийт 14084 аж ахуйн нэгж, байгууллагын 122150 хяналтын камерыг гадна орчныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан ба нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна.
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

