Цаг үе
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Нийслэлийн олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын барилга болон тоног төхөөрөмж нь хуучирч, орны хүрэлцээ муутай олон жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд тус эмнэлэг 500 гаруй мянган үрсийг эх барьж авсан. 59 жилийн дараа өргөтгөлийн шинэ эмнэлгийн барилгатай болсноор эх, нярайн төрөлт хэрхэн сайжрах талаар тус эмнэлгийн дарга Б.Мөнхсайхан Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тухайн үедээ тус салбарт сүүлийн 12 жилд хийсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод төсвийн энэ хөрөнгө оруулалтаар төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтыг шийдсэн. Богино хугацаанд ашиглалтад оруулсан гүйцэтгэгч компаниуд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
“Хүрээ” амаржих газрын өргөтгөлөөс гадна улсдаа хамгийн томд тооцогддог Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг мөн 2021 онд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэхээ илэрхийлж байв. Энэ дагуу хөрөнгө оруулалт, барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж ашиглалтад орсон байна.
“Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн шинэ өргөтгөлөөр орж, тус эмнэлгийн эмч, ажилтнууд, эхчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 м2 талбайтай Перинатологийн төв ашиглалтанд орсон. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн зургаан давхар, 9000 м2 талбайтай шинэ барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны төсөвт тусгагджээ. Онцгойлон төрөх тасгийн засвар хийгдэж гэр бүлтэйгээ хамт, төрдөг 10 өрөөтэй болсноор үйлчлүүлэгчийн болон эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж сайжирсан талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна.

Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Цаг үе
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
|
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
|
|
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
|
|
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
|
