Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэсний дараа  жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 98 гишүүн санал хураалтад оролцож, 70.4 хувь нь дэмжин Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны тус хуралдаанаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй хоёр санал, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн боловч ажлын хэсгийн зүгээс шалгуур үзүүлэлт, зорилгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, холбогдох хуульд нийцүүлж улсын жилийн төлөвлөгөөг баталдаг. Ирэх оны төсөв жилийн төлөвлөгөөнд үндэслэх ёстой гэдгийг гишүүд тэмдэглэж байв. Орон нутгийн иргэдийн орлого бага хэрнээ хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нь өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. Мэргэжлийн түвшинд ач холбогдлыг нарийвчлан тайлбарлах боломжтой гэдгийг Н.Учрал сайд хэлж, тус төслийн ТЭЗҮ-д Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 356.4 сая ам.долларыг гадны хиймэл дагуулд төлбөр болгон төлөх тооцооллыг дурдаж байв. Гадагшаа ийн урсаж байгаа валютыг дотооддоо үлдээх, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад хамтын ажиллагааны бодлого гэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг тэрбээр гишүүдээс хүссэн.

Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.   

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох