Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй

Огноо:

,

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг энэ сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 01 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болсон билээ. Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд  нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласан.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр онцолсон. Энэ хугацаанд Монгол улс урт, дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Ардчиллын олон чухал үзүүлэлтүүд нутагшсан зэрэг эерэг үр дүн олон байгаа ч баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол улсын нэгдмэл үнэт зүйлст эрсдэл учирч, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарсан байгаа нь бид “ХҮН”-ээ өнгөрсөн 30 жил орхигдуулсантай холбоотой. Тиймээс 2050 он хүртэлх дараагийн 30 жилийн хөгжлийн бодлогодоо үүнийг чухалчилж тусгайлсан бүлэг болгож оруулсан гэх зэргээр төслийг дэлгэрэнгүй танилцуулав. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.

Одоо энэхүү “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учир аймаг, нийслэлийн удирдлагууд сайтар танилцаж, өөр өөрсдийн орон нутгийн онцлог, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ санаа, бодлыг сайтар тусгуулах шаардлагатай гэдгийг ч тодотгов. Мөн аймаг бүр алсын хараагаа тодорхойлж, нутаг, нутгийн онцлог, хөгжиж болох шийдлүүдээ оновчтой гаргаж ирэх нь чухал гэдгийг аймаг, нийслэлийн удирдлагуудад чиглэл болголоо. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстойг онцолсон. Ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан байгаа “Бүсчилсэн хөгжил”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн зорилтуудад аймгийн дарга нар онцгой анхаарч, санал, шүүмжлэлээ заавал ирүүлэхийг үүрэг болгосон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Одоогийн байдлаар 14 аймаг энэхүү бодлогын баримт бичигт тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн байна. Аймаг, сум бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүн дээрээ тулгуурлаж л хөгжлөө тодорхойлох ёстой. Мөнгө, эдийн засаг гэж бид 30 жил явсан. Харамсалтай нь энэ хугацаанд хүнээ орхигдуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь ядуу байна. Тийм учраас аль нэг нам гэлгүйгээр бид нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэх цаг болжээ. “Монгол улс” гэсэн нэг л завин дээр хамт яваа гэдгээ байнга санаж, ирэх 30 жилээ одооноос тодорхойлох ёстой.

“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй” гэдэг үгийг хаана, хаанаа сайтар ойлгож, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол өнөөдрийн Монголыг дэлхий мэдэхгүй байна.  Зөвхөн Чингис хаанаар төсөөлөх төдийхөн байгаа нь өнөөг хүртэл  тодорхой бодлогогүй, зорилгогүй, нэгдмэл байж чадаагүй бидний л буруу. Өнөөдрийн бид 2050 он гэхэд байх үгүй нь хамаагүй. Бидний үр хүүхэд тэр үед энэ улсад амьдарна, Монгол улс, үндэстэн оршин тогтнох ёстой шүү дээ. Бид зөвхөн өнөөдрөө харж амьдармааргүй байна. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн утга учир ч үүнд чиглэж байгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш. Өнгөрснөө дүгнэж, түүндээ суурилж салбар салбарын алдаа, оноог тал талаас ярилцаж, ирээдүйн алсын хараа,  зорилтоо тодорхойлсон төлөвлөлт юм. Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно.” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох