Улстөр нийгэм
ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулга хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Засаглал” бүлгийн зорилгыг “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж тодорхойлсон. Тус урт хугацааны хөгжлийн бодлогын “Ухаалаг засаглал” зорилтод 2021-2030 онд “Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна.” гэж, 2031-2040 онд “Хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыг бүрдүүлнэ.” гэж, 2041-2050 онд “Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал төлөвшинө.” гэж, “Ухаалаг бүтэц” зорилтод 2041-2050 онд “Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэн төвтэй болж, иргэн төвтэй захиргааны бүтэц төлөвшинө.” гэж хүрэх үр дүнг тусгасан. Түүнчлэн “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” зорилтод 2030 он гэхэд “Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тодорхойлсон гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулснаар гадаадад байгаа сонгогч санал өгч иргэний сонгох эрх хангагдах, парламентын төлөөлөх чадвар сайжирч, эмэгтэйчүүд, залуучууд болон бусад нийгмийн бүлгийн оролцоо, төлөөлөл болон сонгогчдын боловсрол нэмэгдэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийг бий болгосныг УИХ-ын дэд дарга танилцуулгадаа тодотгосон.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталж, Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөтэй байх, түүнийг батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих нь Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгосон. Тиймээс Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулж, гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Олон улсын парламентын холбоо, гадаадын зарим улсын парламентын стратеги төлөвлөгөөг судлан өөрийн орны парламентын онцлогтой нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан болон Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын гишүүд, түүнчлэн 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнд оролцогчдоос стратеги төлөвлөгөөний төсөлд ирүүлсэн саналыг судлан үзэж тусгалаа. Тогтоолын төслийг d.parliament системд байршуулан санал авсан хэмээн танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын алсын хараа, түүнчлэн нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацад тулгуурласан, нээлттэй, олон ургалч үзлийг хангасан парламент байх эрхэм зорилгыг тогтоолын төсөлд тодорхойлжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шата д хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, хууль тогтоох үе шатад үр нөлөөний үнэлгээнд үндэслэж хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсруулах бүх үе шатад инновац, технологийн дэвшлийг дэмжих, цаашид парламентын үйл ажиллагаанд олон ургалч үзлийг хөхиүлэн дэмжих, гишүүд төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг хүрээг хамруулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хавсралтаар батлахаар тусгаж, тус стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгахаар тусгажээ. Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатад Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Байнгын хороодод үүрэг болгохоор тусгасан байна.
Түүнчлэн тус стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтэд нь жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан заалт тусгажээ.
Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгажээ. Үүнд:
1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас батлах, биелэлтэд хяналт тавьж, тайлагнах хүртэлх бүх үе шатад хүн төвт үзэл санаанд суурилж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан эсэхийг нягталдаг, дүн шинжилгээ хийдэг байх, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зорилтууд тусгасан байна.
2.Монгол Улсын Их Хурал үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргах зорилгын хүрээнд хууль тогтоомж, Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа, залгамж чанарыг хангах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг тусгажээ.
3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас эхлэн батлах, биелэлтэд хяналт тавьж, сурталчлах хүртэлх бүх үе шатад шинжлэх ухаанд суурилан инновац, технологийн дэвшлийг дэмжиж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээг шийдвэр гаргахад үр өгөөжтэй ашиглах талаарх зорилтуудыг тусгасан аж.
4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилгын хүрээнд иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэх, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтууд тусгагджээ.
5.Монгол Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулахад нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн дэвшилтэт арга, хэрэгсэл ашигладаг болохоос гадна Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэх, парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх зорилтуудыг тусгасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зардлыг холбогдох үйл ажиллагааны зардлын эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэхээс гадна улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Өнөөдөр хэлэлцэж буй стратеги төлөвлөгөө Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан бодлогын бичиг баримтуудын алинд нь хамрагдах вэ хэмээгээд, энэ удаагийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх төлөвлөгөөнүүдтэй харьцуулж үнэлгээ хийсэн эсэхийг тодруулсан. Мөн тэрбээр энэ удаагийн парламент таван намын төлөөлөл 126 гишүүнтэй, хамтарсан Засгийн газар байгуулагдсан, жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдтэй зэрэг олон онцлогтойг тодотгоод, парламентын энэ онцлогт тохирсон, цаг үеийн нөхцөл байдалдаа таарсан тодорхой бодлого, зорилгыг тусгасан уу хэмээн лавласан.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Өмнөх найман удаагийн УИХ 2002 онд, 2019 онд тухайн бүрэн эрхийн хугацааны стратеги төлөвлөгөөгөө баталж байсан. 2019 оны стратеги төлөвлөгөөнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Тэрхүү үнэлгээтэй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг танилцсан. 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөнд туссан үйл ажиллагаа, арга хэмжээний 65-70 хувь нь дотогшоо чиглэсэн бол үлдсэн 30 орчим хувь нь гадагшаа чиглэсэн байсан. Ажлын хэсэг 2002, 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөтэй нэг бүрчлэн танилцаж, сайн тал, сул тал бүрийг хэлэлцээд цаашид үргэлжлүүлэх арга хэмжээ тус бүрээр тусгасан.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Дунд хугацааны стратегид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 5 жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 10 жилийн зорилтот хөтөлбөр багтдаг. Харин УИХ-ын 2024-2008 оны стратеги төлөвлөгөө Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4.8-д “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ажлын хэсэг ирэх 4 жилийн бүрэн эрхийн хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан гэсэн хариулт өглөө.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Энэ удаагийн парламентын зорилго, зорилтуудын талаар УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр хэлж байсныг тодотгосон. Тэрбээр, Иргэдийн зүгээс төр улам данхайсан, төрийн бүтэц, эрх мэдлийг улам нэмэгдүүлсэн хууль тогтоомжууд баталж байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Тийм учраас энэ удаагийн парламентаас батлах хууль тогтоомжууд иргэний эрх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад онцгой анхаарна. Мөн хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгахад илүү чиглэж ажиллана. 1990-ээд онд баталсан бизнесийн эрх зүйг зохицуулж буй хууль тогтоомжуудад өдийг хүртэл нэмэлт, өөрчлөлт оруулсаар явж ирсэн. Гэтэл тэдгээр хуулиуд эдийн засгийн өсөлт, шинэ цагийн хэрэгцээ шаардлагыг огт хангахгүй болсон нь судалгаагаар тогтоогдсон. Ийм ч учраас намуудын салбар салбарын төлөөллүүд энэ удаагийн парламентад орж ирсэн. Түүнээс гадна журмыг журамлая гэж бид ярьж байгаа. Өдгөө хуулиасаа олон журамтай болчихсон. Бид аль болох журмын тоог цөөлсөн, хууль нь илүү сайн бичигдсэн байх зорилго, зорилтыг дэвшүүлсэн гэж хариуллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Эцэст нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2023/11/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/08/28
Явган зорчигчийн өмссөн хувцасны өнгө автомашины гэрэлд харагдах зай...
-
Цаг үе2025/01/30
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж ба...
-
Улстөр нийгэм2025/05/07
Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд ...
