Улстөр нийгэм
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд уулын зорилго, хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын асуудлыг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамов нарын төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр өндөр уулын экосистемийг хамгаалах, энэ бүс нутагт дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад уулархаг бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров,
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Рам Чандра Поудэл,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтран зохион байгуулж буй энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт бидний урилгыг хүлээн авч, оролцож байгаа Та бүхэнд талархал илэрхийлье.
Байгалийн үзэсгэлэнт тогтоц, биологийн олон янз байдал, уур амьсгалын таатай нөхцөлд чухал үүрэгтэй уулсын экосистемийн асуудлыг “Уулын түншлэл”-ийн оролцогч талууд чухалчлан үзэж, анхаарч ирснийг Монгол Улс талархан дэмжиж ирсэн билээ.

Хималай, Альп, Андын нуруу, Рокки, Кавказ, Тэнгэр, Алтай зэрэг өндөр уулс, нурууд нь дэлхий олон улс орны өргөн уудам нутаг, орон зайг дамнан оршиж, ховор амьтан, ургамлын өлгий нутаг, олон мянган гол мөрний эх ундарга болж, хүн төрөлхтөн бидний тав тухтай аж төрж, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.
Дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг болох уулархаг бүс нутгийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл, ойн хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт өртөж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хурдтайгаар багасаж байна.
Үүнээс шалтгаалан өндөр уулсын амьтан, ургамлын амьдрах, ургах орчин өөрчлөгдөж, тархац нутаг хумигдаж, төрөл зүйлүүд нүүдэллэх, шилжих, эсхүл мөхөх аюулд орж байна.
Түүнчлэн үер ус, цас, хөрсний нуранги зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, орон нутгийн оршин суугчдад аюул учруулж байна.
Цаашлаад усны нөөц хомсдсоноос хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, өндөр уулын бүс нутгууд дахь байгалийн үзэсгэлэнт газруудын талбай хумигдан аялал жуулчлалын салбарт ч сөргөөр нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.
Дэлхийн нийт хүн амын 10 гаруй хувь нь уулсын байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг бөгөөд өндөр уулсын экосистемийг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах зорилгоор энэхүү өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз Улсын санаачилгыг дэмжин манай улс хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулархаг бүс нутгийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Тогтвортой уулын хөгжил”, “Уулархаг бүс нутгийн хөгжлийн 5 жилийн хөтөлбөр батлах тухай”, “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолуудыг батлуулж, “Уулын түншлэлийн бүлэг”-ийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тогтвортой хөгжлийн 6 болон 15 дугаар зорилгыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна.
Мөн уулархаг бүс нутгийн улс орнуудын дуу хоолой, онцгой хэрэгцээ шаардлагыг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын яриа хэлэлцээнд байр сууриа илэрхийлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг болон уулын түншлэлийн бүлэг хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улсын хувьд нийт усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд улам багассаар байна.
Манай орны алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан гэсэн эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр бид онцгой анхааран ажиллаж байна.
НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс уулархаг бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг Монгол Улс бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирсэн.
Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад зохион байгуулагдах Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар 2024-2034 оны үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг батлах болно.
Энэхүү хөтөлбөрийн төсөлд уулархаг бүс нутагт хамаардаг далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг сайжруулах, холбогдох санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зорилтуудыг тусгасан нь уулархаг бүс нутгийн хөгжлийг дэмжих, экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр зуу зуун сая хүн оршин амьдарч байгаа өндөр уулсын экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон бодит санал санаачилга гаргаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцэн зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Улстөр нийгэм2025/06/19
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
-
Улстөр нийгэм2024/05/01
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэл...
-
Улстөр нийгэм2022/06/15
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/01/21
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав
