Шударга мэдээ
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл болон Орон тооны бус мэргэжлийн хороог байгуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Олон нийтийн хяналтын зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна хөрөнгө оруулалт, даатгуулагчийг төлөөлсөн долоон гишүүн сонгогдсон.
Мөн Орон тооны бус мэргэжлийн хороонд эрсдэл,тооцоолол, хөрөнгө оруулалт, аудит хариуцсан есөн гишүүн сонгогдсон юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өсгөж арвижуулах үүргийг хүлээдэг.
Үүнд мэргэжлийн хорооны гишүүд судалгаа, баримтуудыг гаргаж мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана.
Хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр, хэрэгжилтэд хяналт тавина.
Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар хуульд заасан байдаг.
Засгийн газраас гаргасан бонд болон Монголбанкны үнэт цаас худалдаж авч болно. Мөн Төрийн сангийн нэгдсэн сан болон арилжааны банканд хадгалж болох зохицуулалтыг хийсэн.
Цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл, орон тооны бус мэргэжлийн хороод нь сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах чиг үүрэгтэй ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
