Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТББХ:Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаан даргалагч тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан бөгөөд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан юм.
Тэрбээр, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд зааснаар улс төрийн нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилж үндэсний хэмжээний бодлого дэвшүүлэн, ил тод, хариуцлагатай ажиллах чиг үүргийг хүлээх болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод ззохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх шаардлага үүссэн гэлээ.
Энэхүү шаардлагыг харгалзан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацаа тогтоосон зохицуулалтыг хуульчилсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны 06 дугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр УИХ, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаа дуустал намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсан хэмээн тэрбээр тодотгов.
Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 нам байгаагаас 22 нь 2024 оны УИХ-ын сонгуульд, 12 нь орон нутгийн сонгуульд тус тус оролцжээ. Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлоод, гэвч энэхүү шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа УИХ-д суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нөхцөлийг хангаагүй намуудын боломж хязгаарлагдмал байна хэмээн танилцуулав. Улс төрийн намын дүрэм хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон УИХ-д суудал бүхий улс төрийн намуудад хандан, Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал, шаардлагыг ирүүлсэн байна. Тиймээс улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн суурь зарчим, жендэрийн тэгш байдал, гишүүдийн оролцоог хангах хуулийн шаардлагад нийцүүлэн намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нэг мөр цогц байдлаар шинэчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийн зөвхөн 2 дугаар зүйлд заасан өөрчлөлт буюу дүрэм, хөтөлбөртэй холбогдсон зохицуулалтыг тодорхой хугацаанд хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг сайд Н.Учрал тодотголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаа ч нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацааг 2027 оны 08 дугаар сарын 01 болгон хойшлуулах нь хэт урт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд дээр дурдсан хугацааг хэлэлцүүлгийн явцад ярилцан тогтох нь зүйтэй хэмээсэн.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.

Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэ чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна.

Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа.

Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргасан.

Удахгүй Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна.

Мөн Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна.

Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд болно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

2026.06.15 /Даваа гараг/
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 
Ажлын хэсэг
9
Эхлэх цаг
11:00
Сүүлчийн тов
14:00
Өнөөдрийн ажлын хэсгүүд
11:00
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Танхим 334
Огноо 2026-06-15

Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг
Танхим 334
Огноо 2026-06-15

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-15

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Жанжин Д.Сүхбаатар
Огноо 2026-06-15

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15:00
УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15:00
УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим 201
Огноо 2026-06-15

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өө…

16:00
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-15
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
16:00
УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан

Огноо:

,

2026.06.15 /Даваа гараг/
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан
ЦАГ
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ
ТАНХИМ
10:00
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
Жанжин Д.Сүхбаатар
10:00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Үндсэн хууль
10:00
ХҮН намын зөвлөлийн хуралдаан
Их Засаг
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох