Шударга мэдээ
Монголбанк: Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэв.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2021/09/22
Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш Чөлөөт бүсийн захиргаатай хамтран а...
-
Цаг үе2022/08/16
АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг хянав
-
Цаг үе2023/05/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
-
Улстөр нийгэм2025/12/31
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
