Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах ажлын хэсгийн гишүүд тус үйлдвэрт ажиллав

Огноо:

,

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав.
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, ерөнхий технологич Д.Өлзийбат нар танилцууллаа. Тус үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худгийн уурхайгаас бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг төмөр замаар өдөрт 4000 тонныг татан авч бутлаад, барьцалдуулагч, чийгийг тохируулан хольж, шахаж хэвлэн, савлах процессоор үйлдвэрлэлээ явуулдаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд түүхий эдээ солих шаардлагатай бөгөөд үүнийг үйлдвэр бие даан шийдвэрлэх боломжгүй, эрх бүхий байгууллага, мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр ярив.
Тус компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бөгөөд өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж буй тухай Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг танилцуулсан юм. “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийтдээ 288.4 тэрбум төгрөг зарцуулаад байгааг тэрбээр хэллээ. Түүний танилцуулснаар 1.0 тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг болдог бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 000 төгрөг болох бөгөөд үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг байна. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бөгөөд 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал эзэлдэг аж.
Ухаа худгийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандартын шаардлагыг, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандартын шаардлагыг, үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч бодис холбогч эдийн CS 11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгааг ерөнхий технологич Д.Өлзийбат үндсэн үзүүлэлтээр тайлбарлан ярьсан юм. Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагийн үйлдвэрлэлийн эхэн үед Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байсан бол энэ 2024 онд бохирдол яагаад илэрхий нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон талаар асуухад ерөнхий технологич Д.Өлзийбат хотын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн болон 140 гаруй аж ахуйн нэгжид түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч буй явдал нөлөөлж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Улаанбаатар хотын айл өрхүүдийн хэрэглэж байгаа зуухны 60 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэсэн тайлбар өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт болон тус компанийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээг харцуулж харахад агаарын бохирдолд сайжруулсан түлш бага нөлөөтэй байх магадлалтай байна гээд угаарын хий үүсэж буйн шалтгаан, шахмал нүх сүвжилт зэрэг нарийвчилсан асуудлуудаар ярилцав. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин “Энержи Ресурс” ХХК нийлүүлж байгаа мидлингээ хэрхэн тээвэрлэж, хадгалж, ачиж байгаа зэрэгт хяналт тавих, мөн өөрийн бүтээгдэхүүний агуулах, тээвэрлэлтийн менежментийг сайжруулахыг зөвлөж, сүүлийн гурван жилд шахмал түлшний хэрэглээ буурсан байхад агаарын бохирдол нэмэгдсэн нь өөр хүчин зүйлсээс нөлөөтэй гэж харагдаж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг үйлдвэрлэлийн явцад барьцалдуулагчийг өөрчилсөн нь бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлснийг асууж, түүхий эд буюу мидлинг болон эцсийн бүтээгдэхүүний харьцуулсан үзүүлэлт, туршуилтуудын үр дүн, стандартуудыг шинэчлэн сайжруулах шаардлагбн талаар асууж хариулт авав. Мөн тэрбээр 816.7 тэрбумд хүрсэн алдагдал, түүхий эдээ үнэгүй авч байгаа хэрнээ бүтээгдэхүүний өртөг өндөр байгаа зэргийг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа жилд 10 000 хүн угаартаж, 100 гаруй нь нас барж байгаа явдал бол ноцтой үзүүлэлт гэдгийг онцлоод, үйлдвэрлэлийн орц, гарцын хяналт, хөндлөнгийн болон өөрийн лабораторийн хэмжилт, шинжилгээг тогтмолжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн үйлдвэрлэлийнхээ технологи, горим, стандартыг сахиж ажиллахын зэрэгцээ хэрэглэгчдийн хэрэглээ, ахуйн хэрэгсэлд мөн хяналт тавих шаардлагатайг дурдаж, явуулын лабораторитой болохыг зөвлөсөн юм. Тэрбээр нийслэлээс захиалагчийн хяналтыг сайжруулах, мөн хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай гээд технологи, тохируулгыг бүх үе шатанд туршилт хийж судлах, технологио хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж байгаа энэ үед “Тавантолгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой хяналт тавьж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа онцлоод, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хяналт шалгалтын ажлаа эрчимтэй явуулж, санал дүгнэлтээ хугацаа алдахгүй гаргана гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн 1, 2, 3 дугаар цехийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн цехүүд хөө тортог ихтэй, ажиллахад хүнд нөхцөлтэй байгааг ажлын хэсгийн гишүүд анхааруулж, үйлдвэрлэлийг битүүмжилсэн орчинд тоосжилт, тортог багатай явуулах талаар судалж, шийдвэрлүүлэхийг зөвлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох