Цаг үе
Ардчилсан намдаа өөр өөрийн гэсэн сайн чанараар бэлэг барьж, нэгдмэл “Зөв өв” бүтээцгээе
Та бүхэндээ улс төр, эдийн засгийн хувьд хараат явж ирсэн улс Монголынхоо өрхийг нь татаж, үүдийг нь нээж сэрээсэн Ардчилсан хувьсгалын 35 жил, улс төрийн шинэчлэгч хүчин Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын өдөр буюу Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, хөгжлийн гараагаа эхэлсэн түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье.
Аз болж хонх дуугарсан, арай ядаж нойрноос сэрсэн тэр он жилүүдийг та бид мартаагүй ээ. Ардчилсан нам дангаараа буюу,хамтарч ажиллах үед бизнесийн орчин сайжирч, реформууд хийгдэж, улс орон даяар том ажлууд өрнөдөг гэдгийг ч бас санаж байх нь зүйтэй болов уу.
Ардчилсан нам төр барьсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа буюу зөвхөн 2012 оноос 2016 онд 3000 км зам тавьж, 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож, Чингэс бонд гаргаж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжиж чадсан юмаа. Ардчилсан нам, улс орныхоо эрх чөлөө, хөгжлийн зам тавьж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулж чаддаг найрсаг бүтээлч нам билээ. Өнөөдөр ч бид Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр хамтын шийдвэр гарган зорьж, эрчим хүчний реформоос эхлээд, эдийн засгийн их тэлэлт хүртэл олон том ажлуудын ард гарахын тулд, урд нь гарч ханцуй шамлан ажиллаж эхлээд байна.
Ардчилсан нам бас Монголын эрх ашгийн төлөө, хөгжил дэвшлийн төлөө за гэж хэлж чаддаг, хэлсэн бол, амласан бол хийж бүтээж харуулж чаддаг, түрүүнд нь түүчээлж чаддаг тэргүүлэгч нам билээ. Эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ, миний та бүхэндээ өгч чадах манлайлж чадах зүйл бол эв нэгдэл, тэсвэр тэвчээр, бүтээмж гурав юмаа. Эрх чөлөө,хөгжлийн түүчээ болсон Ардчилсан намдаа, ардчиллын институтдээ өөр өөрийн гэсэн сайн чанараар бэлэг барьж, нэгдмэл “зөв өв” бүтээцгээе.
Шинэ цаг үеийн хөгжлийн түүчээ, шилдэг тэргүүлэгч улс төрийн хүчин Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайхан бүхнийг дэвшүүлье.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Улстөр нийгэм2020/10/29
ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав
-
Улстөр нийгэм2023/12/27
БСШУСБХ: Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуу...
-
Цаг үе2023/05/24
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө16 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/11/24
ЗГ: Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүт...
