Улстөр нийгэм
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Тус хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, үр ашигтай байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил тод байх, компани төр, эсхүл орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг тусгажээ.
Түүнчлэн, төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт компани үүсгэн байгуулах боломжгүй болно. Ингэснээр хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах зэргийг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Мөн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно гэдгийг хуулийн төсөл санаачлагчид тодотгов. Түүнчлэн, компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

