Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг, нар илтгэл тавьж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн шинэчлэл, асаргааны хувилбарт үйлчилгээ болон идэвхтэй насжилтыг дэмжих бодлогын талаар танилцуулсан юм. Эрүүл насжилтыг дэмжих бодлогын хүрээнд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асрах сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг илтгэлдээ дурдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд тус салбарын бодлого чиглэж буйг ярьсан юм. Харин ахмад настны цогц үйлчилгээний бодлогыг ДЭМБ-аас 2017 онд баталсан тэдний эмчилгээ, халамжийг цогцоор хэрэгцээнд нь үндэслэн олгох “Integrated Care for Older People” (ICOPE) аргачлалд суурилан боловсруулсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг онцлов. Цогц үйлчилгээг цогц үнэлгээнд суурилан үзүүлэх бөгөөд ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэх гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулаад байгаа юм.

Мөн ахмад настны эрхийг хангахтай холботой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, “Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жилд ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй гэсэн юм. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоогоор хүртээмжтэй хуваарилах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж болон геронтологийн төв байгуулах ажиллуулах санал дэвшүүлэв.

Дараа нь Орхон, Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал нар болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, сайн туршлагаас Үндэсний чуулганы оролцогчидтой хуваалцлаа.

Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлж, 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газраас мега төслүүд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байгаа нь түүхэн чухал болохыг онцлоод, улс орныхоо хөгжлийн төлөө зааж зөвлөж, хамтран зүтгэхийг уриалав.

Үндэсний чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмад настнуудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулсан юм. Тэрбээр, ахмадын ахуй амьдралын нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлыг өнөөдрийн чуулганаар олон талаар хэлэлцсэний дотор тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүүжилтийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний мэдлэг туршлага, чадвараас суралцах, хүндэтгэн дээдлэх асуудлыг онцлон авч үзсэн тухай дурдав.

Үндэсний чуулганаас гаргаж буй зөвлөмжид Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн байгууллагууд, ахмадын холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт, ахмад настнуудад хандан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон  цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тодорхой тусгажээ. Мөн “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриалсан байна.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний чуулганыг хааж хэлсэн үгэндээ, энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар ахмад настнууд өөрсдөө ажил хайдаг биш, ажлын байрууд та бүхнийг хайдаг болж өөрчлөгдөнө хэмээн онцлон тэмдэглээд, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн салбарыг удирдаж байсан цөөнгүй хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийн бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе15 цаг 8 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ17 цаг 32 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе17 цаг 34 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм19 цаг 45 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм19 цаг 49 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе19 цаг 53 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе19 цаг 55 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе19 цаг 59 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох