Шударга мэдээ
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийн явцыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хуралдааны үеэр онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй. Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглана. Улмаар жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байхад онцгой ач холбогдолтой. Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжихийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2019/09/19
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр дөрвөн төслийг хэрэгжүүлнэ
-
Улстөр нийгэм2025/07/02
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
-
Улстөр нийгэм2024/04/29
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунти...
-
Улстөр нийгэм2019/10/14
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
