Улстөр нийгэм
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.
Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журам, дарааллыг танилцуулав. Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Ерөнхий хяналтын өнөөдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, М.Ганхүлэг, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, П.Батчимэг, Б.Найдалаа, С.Замира, Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нар болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцов.
Сонсголын үндсэн танилцуулгыг “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар тойм мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, дэд хэлэлцүүлэгт Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн”, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй 33 иргэн, Улсын Их Хурлын таван гишүүн асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/
Энэхүү хэлэлцүүлгээс агаарын бохирдол, утааг бууруулахад төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, улсын болон нийслэл, орон нутгийн төсвөөс зарцуулсан санхүүжилтийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод байх үүднээс МҮОНРТ-ээр шууд дамжуулсан. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт борлуулалтын асуудал Байгаль орчин, уур өөрчлөлтийн яамны эрхлэх асуудлын хүрээнд ямар хамааралтай болох талаар болон өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК-д 146.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сайжруулсан шахмал түлшний тээвэр, агуулах, борлуулалтад зориулж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас олгосон талаар, Ногоон зээл олгох эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн агуулга, тавигдах шаардлага, үр дүнгийн тооцооллыг тодорхой болгох шаардлагатай байлаа хэмээн Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэлдээ онцолсон.
Дээр дурдсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Г.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, хуулийн хэрэгжилтийн хүрээнд Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээгүй агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны зохицуулалт, үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтын бүтцээс харахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд дотоод хяналт, үнэлгээний ажил орхигдсон байна гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүргийн хэрэгжилтийн талаарх үндэсний хөтөлбөрийг (2017-2020 он) хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, салбар хоорондын ажлын уялдааг хангаж ажиллаагүйг дурдав.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулахын тулд ахиц дэвшлийг үнэлэхийн зэрэгцээ бодлогын зорилтуудын биелэлтийг гаргаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг эрэмбэлэн, хүндрэлтэй асуудлаар тодорхой шийдвэр гаргах нэгдмэл удирдлагаар нэгтгэн зангидах талаар эзэн, хариуцагчгүй байгааг дурдлаа.
Түүнчлэн агаарын чанарын стандартын өөрчлөлтөөр хүхэрлэг хий, азотын давхар исэлийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлсэн байгааг шинжээч дүгнэлтдээ дурдсан.
Мөн өмнөх хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, хөрөнгийн талаар нэгдсэн мэдээлэл байгаагүй, төсвийн ерөнхийлөн захирагчид зарцуулсан хөрөнгийн талаар тайлагнасан байсан. Босго тоо байхгүй нь ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байдлыг бий болгосон. Иймд аудитаар баталгаажсан болон утааг бууруулахад чиглэсэн тоонуудыг үндэслэн шинжээчид нэгдсэн тоо гаргасныг дурдлаа. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Түүнчлэн тэрбээр энэ хүрээнд нийт дүнгээр 295,9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил илэрсэн бөгөөд үүнээс улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн 6 асуудал, зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр өгсөн 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байсныг шинжээч дүгнэлтдээ онцолсон.
Түүнчлэн тэрбээр Үндэсний аудитын газрын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/ 465 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан бол “Таван толгой түлш” ХХК-ийн 2022, 2023 оны санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай санал, дүгнэлт өгсөн байна. Энэ нөхцөлөөс дүгнэхэд “Тавантолгой түлш” ХХК 2018-2021 оны санхүүгийн тайланд өөрчлөлтгүй дүгнэлттэй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан байна гэв.
Мөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2019 оны 1/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ байна. Үүнд Үндэсний аудитын газраас урьдахаар албан шаардлага өгөөд албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлсэн. Мөн Эрдэнэс тавантолгой ХК-аас Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан ЭTT-2022/83, ЭTT-2022/502, ЭTT-2022/518 дугаартай 88.1 тэрбум төгрөгийн 3 гэрээ гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлснийг дурдлаа.
Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн хангалтгүй, санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хангалтгүй байна гэж дурджээ.
Үргэлжлүүлэн “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал товч мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож, 28 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээнд танилцуулга хийснийг онцлов. /Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/.
Түүнчлэн тэрбээр хэлэлцүүлгийг зохицуулагч болохоос дүгнэлт гаргах эрх бүхий хүн биш тул оролцогчдын давтагдсан саналыг дурдав. Эл мэдээллийг доорх зурагнаас харна уу.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээллийнхээ төгсгөлд инновацийн олон санаа, шийдлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь батлаад, нэвтрүүлдэг төв байгуулах санааг олон оролцогч хэлсэн тул Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох мэдээллийг авсан. Инновацийн тухай хуулийн дагуу Засгийн газраас инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулж, инновацийн төсөл хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ.
Мөн уг хуулийн дагуу инновац хэрэгжүүлэх гэж буй гарааны компанийн тоног төхөөрөмж, түүхий эд бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гурван жилийн хугацаанд борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттайг дурдаад эдгээр заалт нь олон жилийн туршлагатай компанид үйлчилдэггүй. Иймд Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2012 онд батлагдсан хуулийн төслийг шинэчлэх шаардлагын хүрээнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр хуулийн хэрэгжлийн талаарх холбогдох судалгааг хийлгүүлж байгаа гэв.
Энэ үеэр сонсгол даргалагч Ж.Чинбүрэн, өчигдийн сонсголын үеэр угаартаж нас барсан иргэдийн тооны зөрүүгээс маргаан дэгдсэн тул энэ дагуу албаны эх сурвалжаас мэдээлэл авсныг хүргэв. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2017-2024 оны байдлаар угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо 779 гэснийг уламжлав.
Сонсгол оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 31 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс ч гэр хорооллын 200 гаруй мянган өрхийн янданг цөөлөхийн тулд утаа, агаарын бохирдлыг бууруулахад ногоон зээлийг өргөжүүлж ахмадуудыг хамруулах, урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр, дунд хугацаандаа гэр хорооллыг хийн түлшрүү шилжүүлэх, богино хугацаанд монгол эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.
Мөн сонсголын бүх талуудын байр суурь, мэдээлэлтэй танилцаад өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадаагүй алдаа дутагдлыг хэлэх хүмүүс нь шинжээчид байсан ч тэд сайн ажиллаагүйг дурдаад цаашид шинжээчдийг хараат бусаар ажиллуулах, мэргэжлийн хүнийг сонсгоход анхаарах шаардлагатай гэж байлаа.
Үргэлжлүүлэн сонсголд оролцсон Улсын Их Хурлын 9 гишүүн асуулт асууж, 7 гишүүн санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Шадар сайдад хариуцуулж салбар хоорондын уялдааг хангах, сонсголын үр дүнд төрийн бодлого нэгдмэл гарах ёстой. Түүнчлэн түлш, зуухыг сайжруулах, дулаалгын технологийг нэвтрүүлэх, хэрэглэгчийг төлөвшүүлэх гэсэн дөрвөн асуудлыг зэрэг шийдвэрлэвэл утааг бодитойгоор багасгана гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал төрөөр дамжуулж технологийн туршилт хийдэг энэ хандлагыг халах цаг болсныг онцгойлон анхааруулаад технологи, инновац хөгжүүлдэг тогтолцоогоо ажиллуулж, эрх зүйн орчныг нь сайжруулах нь чухал гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар агаар, утааны бохирдлыг бууруулахад чиглэсэн сонсголыг өргөжүүлж Улсын Их Хурлаас энэ чиглэлээр түр хороо байгуулж үр дүнд хүртэл иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонсголоор асуудлыг хязгаарлалгүй Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулж, асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, утаа бууруулах шийдлийг гаргаж буй аж ахуйн нэгжүүд, яндангаа буулгасан айл өрхүүдэд чиглэсэн төрийн дэмжлэг үзүүлэх, агаарын чанартай холбоотой нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн мэдээллийг хүргэх, хариуцлага тооцох зэрэг асуудлыг сонсгол зохион байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгах саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн түвшинд шийдвэрлэх хамгийн тулгамдсан асуудал болох утааг буруулахад чиглэж, ажиллахыг уриалаад утаанаас салах гарц нь эрчим хүч гэдгийг хүлээн зөвшөөрч, эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шалгуур үзүүлэлтээ тодорхой болгож, Монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор аюул учруулж болзошгүй асуудлын ангиллыг тогтоож, тухайлсан хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэж байлаа.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хааж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Ардчилсан парламент нь иргэдээ сонсдог төр болоход чиглэж, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй танхимыг бүрдүүлж, бодлогын асуудлаа танхимдаа ярьдаг болохыг зорьсон. Үүний илрэл нь Монгол Улсын тулгамдсан асуудлаар сонсгол явуулж, иргэдээ сонсдог болж буй энэ үйл явц гэж ойлгож болно. Эмч хүний хувьд хэлэхэд эл сонсголоор утаа эрүүл мэндэд асар их муу нөлөөтэй байгааг монгол эрдэмтдийн дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлд хэвлэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, олон шинжээчдийн нотлох баримтаар ил гаргасан гэдгийг дурдаад өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь түүхий нүүрсээ түлэхээ зогсоосон. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол хорт хавдрууд, нярай, ургийн эндэгдлүүд зогсохгүй байсныг онцлов.
Мөн сонсгол явуулах шинэ хандлагыг бий болгож эл хүрээнд дөрвөн хэлэлцүүлэг хийж, 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Өнөөдөр дэлхий даяараа хорт хавдартай тэмцэх өдөр. Бид ч гэсэн өнөөдөр утаатай холбоотой хорт хавдрын өвчлөлийг бууруулуулахад зоригтой алхам хийхээр тэмцэж, агаарын бохирдол, утааг багасгахад томоохон алхам хийснийг онцлон тэмдэглэв. Сонсголын төгсгөлд энэ бүх хэлэлцүүлэг, сонсголд оролцож үгээ хэлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид Монгол Улсыг утаагүй болохын төлөө хамтарч ажиллахыг уриалав. Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2023/05/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан
-
Үзэл бодол2021/11/07
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дур...
-
Урлаг спорт2021/06/25
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
Цаг үе2023/10/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
