Шударга мэдээ
БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд!
БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу.
1. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.
· БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх,
· Үхань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох,
2. БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.
· Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.
3. Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.
4. БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.
5. БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусын талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
