Цаг үе
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.
“Байгууллагууд нэгдсэн байдлаар хаягжилтаа засах хэрэгтэй байна”

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:
-Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.
“Зөрчил арилгаагүй ААН-ийг албадан буулгах хүртэл арга хэмжээ авна”

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа:
-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2023/01/12
“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөг...
-
Цаг үе2026/03/18
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
-
Цаг үе2026/04/08
АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр...
-
Улстөр нийгэм2022/01/26
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ
