Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан болов

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод 2025 оны гуравдгаар сарын 25-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Байнгын хороод 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаарх илтгэл, төрийн аудитын байгууллагаас гаргасан гүйцэтгэлийн аудитын тайланг сонссон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч буйг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулсан.

УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, өнгөрсөн намрын чуулганаар төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байснаа дурдаад, энэ алдааг засаагүйгээр барахгүй хэмжих боломжгүй арга хэмжээнүүдийг төлөвлөөд, түүний биелэлтийг 100 хувь гэж дүгнэн орж ирсэн байна хэмээн шүүмжилсэн. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-аар үнэлэх аргачлалыг баталсан ч түүнийг баримтлалгүйгээр хяналт үнэлгээ хийсэн нь ямар учиртайг лавласан юм.

Тэрбээр, 2024 оны жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно гэж тусгасан. Цахилгааны үнэ нэмж, байшингаа дулаалаад цахилгаан халаагуур тавьсан айлуудын нуруун дээр маш том ачаалал үүсгэчихээд үр дүнтэй ажилласан гэж дүгнэжээ. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг хэмжсэн шалгуур үзүүлэлтээр ажлын биелэлтээ хэмжиж болоогүй юм уу гэж асуусан. Авлигын гэмт хэргийг бууруулна гэсэн зорилт 100 хувь биелсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, логикийн алдаатай байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд үнэлгээний аргачлалынхаа дагуу зорилт, арга хэмжээг үнэлсний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ өгдөг. Төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд нь Засгийн газраас баталсан үнэлгээний аргачлалын дагуу индикаторууд дээр нь үнэлгээ хийж байгаа гэсэн үг. Эцэст нь Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ хийгээд энд хэлэлцүүлж байгаа юм. Таны хэлсэнчлэн нэг арга хэмжээг 90, юмуу 100 хувь гээд дүгнэчихсэн байвал энэ нь жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хангасан байдал юм. Түүнээс биш тэр ажлыг эцсийн үр дүнд хүргэчихсэн гэсэн үг биш. Дөрвөн жилийн төлөвлөгөөнд туссан ажил байлаа гэхэд 2024 онд тэрхүү ажлыг гүйцэтгэх ТЭЗҮ-г боловсруулахаар тусгасан бол түүнийгээ дүгнээд 100 хувь гэж үнэлж буй юм. Нийт дөрвөн жилд багтаан дуусгах тэрхүү ажлыг дуусгасан гэж ойлгож болохгүй. Тодруулбал, ямар зорилтот түвшинд хүрэх ёстой юм, тэр зорилтот түвшнийг хангасан байдлаар нь жил жилээр үнэлээд явж байгаа болохоос биш тэр барилга баригдаад, тэр цэцэрлэг ашиглалтад орсон гэсэн зорилтот түвшинд хүрсэн гэсэн үг огт биш. Тухайн зорилтот түвшинд хүрсэн эсэх дээр үнэлгээ хийж байгаа гэж ойлгож болно.

Авлигын төсөөллийн индекст эерэг өөрчлөлт гаргахын төлөө ажилласан.  “Трансперенси интернэйшнл” байгууллага өнгөрсөн хугацаанд бидэнд хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд хаврын чуулганаар Төрийн өмчийн компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ. Мөн Байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг батлах шаардлагыг тавьж байгаа. Холбогдох хуулиуд УИХ-аар батлагдсанаар авлигын индекст томоохон өөрчлөлт гарна гэсэн хариулт өгсөн юм.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсад төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт гэдэг асуудлыг нарийвчлан хэлэлцэж, хяналт үнэлгээний цогц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сайд нарын эрхлэх асуудлын хүрээн дэх дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай УИХ-д асуудлаа танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид эрчим хүчний тарифыг индексжүүлж зохистой түвшинд хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчинд Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан. Тийм учраас бид биелэлтийг 100 хувь гэж дүгнэсэн хэмээн хариулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тайланг үнэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа муу, анхнаасаа ажлаа бодитой төлөвлөж чадаагүй, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт, шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй байгаагаас үнэлгээ нь зөрүүтэй байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Хуралдааныг даргалан явуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн олонх Засгийн газрын үйл ажиллагааны тайланд өгсөн үнэлгээ бодитой бус гэсэн асуудал хөндөж буйг тодотгоод, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүйг сануулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шаардлагатай бол үнэлгээ хийх журам, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, танилцуулах нь зүйтэй гээд жил жилийн төлөвлөгөөний тайланг ийм байдлаар хэлэлцэх ёсгүйг онцлов.

Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох