Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв.

Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.

Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.

Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг  Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжсэнийг онцлов.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Д.Пүрэвдаваа, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Х.Баасанжаргал, Ж.Баясгалан, С.Замира, Р.Эрдэнбүрэн, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод  байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн гэдгийг онцлоод прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа талаар лавлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинэчлэлийн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар Улсын Их Хурал  болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн хэмээн хариулсан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэдэн нь хэрэг бүртгэл болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар лавлав. Б.Жаргалсайхан прокурор, “Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд 1.0 сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126000 гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74000 хэрэг бүртгэлтийн хэрэг, 28000 мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 15969 хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15123 хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал  прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг” хэмээн  хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай  ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байхыг онцлоод энэ чиглэлд хамтарч ажиллах эсэхийг Б.Жаргалсайхан прокуророос тодруулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана" хэмээн хариулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв гэхийн зэрэгцээ улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэсэн байхад Төрийн албан тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж байлаа.

Түүнчлэн гишүүд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын байгууллагын дарга бол шударга ёсны манаач тул өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд авталгүй, улс төрөөс ангид, хараат бусаар ажиллаж, шударга ёсны төлөө хийж буй тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллахыг хүсэв. Мөн хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулах шинэчлэлийн төлөө санаачилгатай ажиллахыг захиж байлаа.

Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг  дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  буюу 83.5 хувь нь  дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох