Шударга мэдээ
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ
Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ.
Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.
Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.
Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө.
Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ.
Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2025/08/13
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа
-
Улстөр нийгэм2025/01/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
Шударга мэдээ2023/02/06
Улсын хил хамгаалалтад туслах “Малчдын бүлэг” байгууллаа
-
Цаг үе2023/03/06
АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХОУХАЯ-ны Төрийн сайд Ахмад Али Аль Саиг-тай уул...
