Шударга мэдээ
Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтэрч байна
Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил - Шугаман хурдасгуур аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үйлсэд ихээхэн анхаарал тавьж, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хүрээнд ойрын болон дунд хугацааны бодлогын зорилтуудыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг бөгөөд элэгний хавдарт туяа эмчилгээг хийх боломжгүй байсан бол өнөөдөр шугаман хурдасгуурт 2 шинэ аппаратыг суурилуулсанаар элэгний хавдрын үед хийгдэх эмчилгээний боломж нэмэгдэж байна.
.jpg)
Энэхүү дэвшилтэт технологийг суурилуулах, нэвтрүүлэх төслийг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад олон саад бэрхшээл тулгарсан ч хамтдаа даван туулж энэ онд шугаман хурдасгуурыг суурилуулж, цаашид туяа эмчилгээний дэвшилтэт технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх алхам нээгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ хэдийгээр туяа эмчилгээ нь эмнэлгийн үйл ажиллагааны нэгэн нэгж боловч эмчилгээ үйлчилгээний цар хүрээгээрээ өргөн, Монгол Улсад ганц байдаг эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг салбар бөгөөд, эмч, мэргэжилтнүүд нь ч Монгол Улсдаа арван хуруунд багтахаар цөөхөн, тусгай бэлтгэгдсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд юм.
.jpg)
Төсөл амжилттай хэрэгжсэн нь хавдар судлалын төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, нийт ажилтан ажиллагсдын хамтын идэвх чармайлт, хүчин зүтгэл хөдөлмөр бүтээлийн үр шим юм.
Ингээд Эрүүл мэндийн яамны хамт олон, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагаатай байгууллагууд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлж, Монгол улсын хүн ам, ард иргэдийнхээ эрүүл мэндийн мөнхийн манаанд зүтгэх үйлсэд амжилт хүсье гэв.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
