Шударга мэдээ
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно
“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоо тариаланчид урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
