Улстөр нийгэм
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын захиргаа, хил, гааль, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг хяналтын байгууллагын нэгдсэн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Гашуунсухайт боомт 1992 онд байгуулагдсан. БНХАУ-ын Ганцмод боомттой хиллэдэг. Нүүрсний 50 гаруй, зэсийн баяжмалын 57 хувийг экспортолдог.Гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр стратегийн ач холбогдолтой хамгийн том боомт юм.
Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ‘‘Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн.

Энэ нь боомтын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм.
Боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал их зэрэг олон бэрхшээл байжээ.

Төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 43.5 тэрбум төгрөг, Монгол Улсын төсвөөс нийт 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. 2019-2024 онд 15.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн, 2025 онд үлдсэн 14.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Ковид-19 цар тахал болон үерийн улмаас цаг хугацаа зардал, мөнгөний хүндрэлүүд тулгарсан ч бүтээн байгуулалтаа зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол Улсын аж ахуй нэгжийн 50 ажилтан, БНХАУ-ын талаас 258 ажилтан, нийт 308 инженер, техникийн ажилчид бүтээн байгуулалтад оролцсон аж.

Боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг нийт 31.9 га талбайд төлөвлөж, шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох, гарах чиглэлд тус бүр гурван эгнээ, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд зургаан эгнээ болгон өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо дохиолол камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэг, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
Ингэснээр зорчигч болон ачаа, тээвэр нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин, эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгдэх боломж бүрдээд байгааг тус боомтын удирдлагууд танилцууллаа.

Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2020/10/07
Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Завхан аймагт ажиллалаа
-
Улстөр нийгэм2026/07/03
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
-
Улстөр нийгэм2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэ...
-
Цаг үе2020/10/01
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо
