Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Н.Номтойбаяр нар хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг илтгэлдээ онцлоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 54 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ гээд хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэлтгэл ажил хийх талаар танилцуулгадаа онцлов. Түүний дараа  хуулийн төслүүдийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулсан.

Тэрбээр, Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг “d.parliament.mn” цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил, Үндсэн хууль болон хууль хоорондын зөрчил байгаа эсэх, дагаж мөрдөх хугацааг 1 жилээр хойшлуулснаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах болсон үндэслэл, шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир төслийн үзэл баримтлалын талаар, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, орон нутаг хоорондын ажлын уялдаа холбоо, эдэлбэр газрын хэмжээ, зааг, эргэлтийн цэгийг тогтооход хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төвлөрлийг сааруулах хүрээнд бүсчилсэн байдлаар таталцлын хот, сумдыг байгуулж, хөгжүүлэх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийг хэрэгжүүлэх боломжтой хилийн цэсийн маргаангүй дүүрэг, орон нутаг байгаа бөгөөд газар нутгийн маргаантай аймаг орон нутгаас болж дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилтийг хугацаанд нь хангахад анхаарах, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж хэрэгжилтийг хангахад бусад хууль тогтоомж, төсөв, эдийн засгийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдааг хангах нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус хэлсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна ...” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын  төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль батлагдаад хэрэгжиж байна. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай  хууль мөн л адил шахуу эрх зүйн харилцааг зохицуулах учраас хуулийн хийдэл, зөрчил, давхардал үүсч болзошгүй учраас анхаарах талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн  57 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэж заасан. Энэ нь засаг, захиргааны нэгжүүдийг дамнуулан хот байгуулах эрх зүйн үндэс буй болсон юм. Ингэснээр цаашдаа Монгол Улсын нутаг дэвсгэр дэх 330 гаруй сумдыг хооронд нь нэгтгэх хандлагын өөрчлөлт авчирсан. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хот нь хотын, бусад нь бүгд сумын статустай, ойлгомжгүй зохион байгуулалттай байна. Суурин газарт амьдралын чанар улам дордсоор байна. Тиймээс суурин газарт хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь хөгжлийн зөв эхлэл хэмээн байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нийслэлийн дүүрэг бүрийг хот болгох эрсдэлтэй. Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улс таталцлын төвүүдийг хот болгон хөгжүүлэх нь зөв гарц гэж бодож байна. Тухайлбал, баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Хархорин, уламжлалт Дархан, Эрдэнэт улмаар Даланзадгад, Чойлбалсан гээд хотууд байгуулах ёстой. Энэхүү өөрчлөлт шаардлагатай учраас хуулийг хэрэгжих  асуудлыг нэг жилээр хойшлуулахыг дэмжиж байна гэв.

УИХ-ын гишүүн П.Ганзориг, Улаанбаатар хотыг 14 хотод хувааж байна. Эдгээр хотууд зөвлөлтэй, захирагчтай, эдэлбэр газартай. Гэтэл Улаанбаатар хотын эдэлбэр газрыг хэрхэн тогтоох талаар болон нийслэлийг 14 хотод хуваахдаа Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс эдэлбэр газар аваад Хан-Уул хотыг байгуулж байна. Тэгэхээр энэ хоёр дүүрэг Иргэдийн төлөөллийн байгууллагатай. Мөн Хан-Уул хот бас засаг захиргаатай. Тодорхой нэг асуудлаар энэ 3 субьект гурван өөр шийдвэр гаргах тохиолдолд хэрхэн шийдэх вэ, хаягжилтийн шинэчлэлд ямар зардал, өөрчлөлт гаргах талаар асуув.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуульчлан заасны дагуу засаг, захиргааны нэгжийн чиг,  үүрэг тодорхой буй учраас нэг асуудлаар ялгаатай шийдвэр гарах боломжгүй. Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот бол орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотын эдэлбэр газарт хамааралгүй юм. Хотын захирагч хотын иргэдээсээ сонгогдохоор улстөрийн асуудлаас илүү аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт цахимаар хийгдэх учраас хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, орон нутгийн шинж чанартай хотуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлогыг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийх шаардлагатай байна. Мөн орон нутагт босоо удирдлагын тогтолцоог эргэн харах талаар саналаа илэрхийлж, жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах талаар хэрхэн ажиллах тухай асуусан бол УИХ-ын гишүүн Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нар хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж буйд шүүмжлэлтэй хандаж, хил хязгаарын тогтоох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэх боломжтой атал Засгийн газар ажиллаж чадсангүй. Энэ мэтээр ажлын хариуцлага алдаж, хуулийн засаглалыг үл ойшоох хандлага гарлаа.  Ажлын хариуцлагагүйгээс болж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах жишиг тогтоож байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, шинээр байгуулагдах хотуудын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг шийдэх асуудал тулгарч буй нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан болж байна. Орон нутгаас эдэлбэр газрын талаар  санал авч буй боловч, үндэслэл муутай санал ирж байгаагаас гадна хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, зарим  аймгууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дуусаагүй байна. Эдэлбэр газрыг тогтооход энэхүү төлөвлөгөө чухал учраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Мөн орон нутгийн хил хязгаарын асуудлыг олон нийтийн саналд үндэслэн зөв тогтоохгүй бол дараа нь хуулийг хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй. Тиймээс маргаан, зөрчил байвал бүрэн ойлголцсоны дараа хил хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд зарим хөгжлийн баримт бичгүүдийг боловсруулахад ажиллаж байна. Эдгээр баримт бичгүүдтэй энэхүү хууль уялдах шаардлагатай учраас бодит нөхцөл байдлыг тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, мөн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 51 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ21 цаг 15 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе21 цаг 17 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм23 цаг 28 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм23 цаг 32 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе23 цаг 36 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе23 цаг 38 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе23 цаг 42 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох